Монголчуудын онцлог

С. МОЛОР-ЭРДЭНЭ

Монгол хүн өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө зохион явуулах тэр хугацаа иржээ. Монгол хүн хүссэнээрээ амьдрах тэр боломжийг ашиглахад хоёр хөршүүд Орос болон Хятад оронууд л туслаж чадна. Тиймээс Орос орон биднийг ойлгоно, бас Хятад орон биднийг зөвшөөрнө. Монгол хүн хангалттай нуугдмал явлаа. Бидэнд одоо ямарч зөвлөх хэрэггүй. Бид зөвлөгч үгүйгээр өөрсдийгөө аваад явах мэдлэгтэй бас эрдэмтэй. Монгол хүний морал өнгөрсөн хугацаанд бэхэжсэн.

Өмнө Орос орон болон Хятад орнуудын улстөр, философи, шашин, эдийн засаг гэх мэт улс орны хөгжил тухайн үндэстний үнэт зүйлүүд хэрхэн үүсэж ямар бэрхшээлүүдийг даван туулсан жишээнүүдийг ярилцсан. Тэгвэл Өнөөдөр “Монгол” гэсэн нэрлэгээг юу гэж ойлгох вэ?

Олон Монгол. Олон Монгол бас л ардчиллын зарчимаар эрх чөлөө, тэгш эрх, шударга ёс, эв нэгдлийг хүснэ.

“Ар Монголыг нүүдэлчин” гэж, хэн биднийг Түвд орон шиг “Зоопарк” болгохыг хүснэ вэ? Түвд орон руу галт тэрэгний зам тавьж өнөөдөр зургийн аппарат барьсан жуулчид Түвд хүний хэр их хоцрогдсоныг шууд харан гайхацгаах болжээ.

Монголын асуудал бол Монголын онцлог. Тэр онцлогийг харгалзахгүйгээр дууриамал ардчилал, дүр үзүүлсэн төрийн бүтэц, мэдлэггүй улстөр урагшаа ахихгүй. “Америкийн онцлог” гэсэн нэртэй улстөрийн ойлголт бий. Үүнийг Монголын өнөөгийн байдалтай уялдуулах хэрэгтэй.

Америкийн бусдаас ялгарах онцлог дотор либэртэ \чөлөөт\, эгалитэ \адилхан\, индивид \өөрийнхөөрөө\, популизм \ард олны\, лэссэ фэйр \ганцааранг орхи\ гэсэн тухайн хүнийг л ханамжтай амьдаруулах гэсэн зарчмуудыг нэрлэдэг.

Монголын ялгарах онцлог гэвэл Америкчуудын ярьж буй чөлөөт ерөөсөө хэзээний нүүдэлчиний чөлөөт гэсэн соёлоор илэрхийлэгдэнэ. Тиймээс Монгол хүн хэзээ ч чөлөөт \либэртэ\ явжээ.

Монгол хүнд адилхан \эгалитэ\ гэсэн ойлголт ч нилээд эртний ойлголт. Яагаад гэвэл Америк орон шиг боолчлолыг Монгол хүн хэзээ ч амссан үгүй. Бүгдээрээ адилхан гэж улстөрийн, эдийн засгийн, хамтын нийгэм болон иргэний эрхүүдийн адилхан шүү гэсэн нэг үгээр хэлэхэд бүгдэд тэнцүү гэсэн ойлголт.

Монгол хүн ерөөсөө өөргийнхөөрөө зөрүүд тул жинхэнэ өөрийнхөөрөө \индивид\. Өөрийн гэсэн зорилготой, өөрийн гэсэн дуртай зүйлтэй, хүсэлээ дагасан тэр шинжийг буюу нөхцөл болон боломжийг өөрийнхөөрөө буюу индивид мөн эгалитэ гэсэн онолтой холбодог. Үүнд либертар болон анархист онолууд бас хамаатай.

 

Популизм буюу элитүүдийн эсрэг хөдөлгөөн Америк оронд өрнөсөн явдлын гол шалтгаан зээл болон хүүгийн дарамт мөн хэт их татварын эсрэг хөдөлгөөн байсан. Монголчууд үүнийг Манжийн үед эдэлсэн. Гэхдээ энэ дотоодын биш харин гадаадынхны дарлал. Тиймээс Америкаас ялгаатай.

Лэссэ фэйр буюу өөрийг өөрт орхи гэсэн ойлголт жинхэнэ Монгол соёл олон зуун жилийн түүхтэй. Харин их шашинд баригдсан Америкийн хувьд тухайн үедээ шашнаас салах асуудал байжээ.

Ерөөсөө Америкийн асуудлуудыг Монголтой зэрэгцүүлэхэд ямар дүгнэлт гарах вэ гэхээр Америкчууд түүхэндээ хэт шашин, хэт элитүүдийн дарлал болон боолчлолоос чөлөөлөгдөн бусадтай амьдрах төрийн бодлого байжээ. Харин Монголчуудын онцлог бол хэт их тархай бутархай бас дэндүү дураараа хүмүүсийг нэгтгэж нэгэн улстөрийн бодлого дор удирдах чухал байжээ. Үүний тулд л Түвдийн шарын шашныг залжээ.

 

Монголчуудад аврагч хэрэггүй

 

Аврагч хайж хэн нэгний нөмрөг дор дулдуйдсан улстөр Монголчуудад таарахгүй. Яагаад гэвэл Монгол гэдэг чинь универсал дэлхийн ойлголт бөгөөд олон улс орнуудаар тархсан олон сая хүмүүсийн нэр хүндийн асуудал.

Гүрж, Латви гэх мэтийн жижиг орнууд Америкийн нөмрөг дор эсвэл Европын холбооны нөмрөг дор орж амиа аргацаасан улстөр хийдэг. Тэд Орос хүмүүсийг л муулж байвал хэрэг бүтнэ гэж хэтэрхий хямдхан улстөр хийдэг. Монголчуудыг иймэрхүү Оросуудыг л муулж Америкуудын нөмрөг дор явах гэсэн арчаагүй улстөр нэг хэсэгтээ завхруулсан.

Өнөөдөр Монголчууд дэлхийд нэрээ цууриатуулсан ийм хоёр бардам хөршүүдийнхээ хажууд нэр төртэй, хараа цэх, сэтгэл бардам улстөр хийх боломжтой. Хямдхан улстөр хийж болохгүй. Нэгийг муулж нөгөөгийн талд найрсан алсын хараагүй улстөр ерөөсөө явуургүй.

Урд хөрш Хятадын ард түмэн хоолгүй байхад тэр ардчилал чинь одоохондоо бидэнд дэндүү эртдэнэ гээд коммунизмын замаасаа хазайсангүй. Тэд төрийн маш уран хар хайрцагны бодлого явуулж чадсан.

Хойд Хөрш Орос орон нэгэнт Зөвлөлт Холбоот Улс задран унасан тул шинээр төрийн бүтцэд орох шаардлагатай болсон. Орос орон хэтэрхий хурдан ардчилалд орж том хохирол амссан. Эндээс хаширсан Орос орон өнөөдөр хүчтэй төр чухал гэж хар хайрцагны бодлогоо үргэлжлүүлж эхэллээ.

Хятадууд гадны хүнээр хэзээ ч заалгаж явсангүй. Өөрийнхөө төрөө өөрсдөө л авч явсан. Гадны хүн Хятад хүнд нэвтрэхэд бэрх.

Оросууд гадныханаар заалгах тун дур үгүй. Хэдийгээр Орос орныг Хятадтай зэрэгцүүлэхэд Европтой ойр ч гэсэн тэд өөрийн Их гүрнээ авч үлдэж чадсан.

Америкчууд “ардчилал” гэсэн нийгмийн үнэтээр дамжуулан Хятад болон Орос хоёрт заах гэж яваад бүтэлгүйтэж буцацгаасан. Тэд олон ч жил Орос, Хятад хоёрыг сулхан байлгахыг хичээсэн. Америкийн гадаад харилцааны алдаа бол бусдад зааж хэт мэдэмхийрэх.

Монгол хүн ч гэсэн бусдаар заалгах тийм ч дуртай биш. Харамсалтай зүйл юу вэ гэхээр гадаадынханд худалдагдсан Монгол хүмүүс өөрсдийн зорилгодоо хүрч Монголчуудыгаа хохироохын тулд гадаадынхныг ашигладаг.

Ардчилал гэдэг бол философийн хамгийн эртний сэдвүүдийн нэг. Энэ эртний ойлголтыг Монголчууд ойлгож өөрсдийн нийгэмдээ зөвөөр хэрэглэж өөрсдийнхөө онцлогт тохируулах ёстой. Түүнээс биш ардчилал нэрийн дор хэн нэгэн хувийн сонирхолоо амжуулах гэвэл ёстой л гэмт хэрэг.

 

“Хар Хорин” нийслэлийн сэргэн мандал

Дэлхийн хаа л бол Монголчууд. Зөвхөн Монгол удамтай хүмүүсээс гадна бас Монгол нэрээ зүүсэн газар нутгууд. Ар Монгол, Өвөр Монгол, Буриад Монгол, Зүүн гарын Монгол, Халимагийн Монгол, Хазаар Монгол, Татар Монгол, Уйгарын Монгол, Тува гэх мэт олон Монгол. Монгол гэсэн энэ нэр 800-аад он буюу одоогоос 1200 гаад жилийн өмнө анх түүхэнд гарч иржээ. Монгол гэсэн энэ нэрнээс өмнө Хүннү, Кидан, Түрэг гэх нэрсүүдээр Монголчууд хаяглажээ.

Олон Монгол өнөөдөр улстөрийн, эдийн засгийн, Үндсэн Хуулийн, социал буюу хамтын амьдралын, шашин шүтлэгийн болон нийгмийн үнэтүүдийн тухай тодорхой ярилцаж алсын төлөвлөгөө боловсруулах хугацаа болжээ. Монгол гэсэн энэ даяаршсан нэрийг даяаршуулсан хүн бол Чингис цолтой түүхэн хаан.

Олон Монгол яагаад үүссэн бэ гэхээр Монгол хүний дасан зохицох чанар. Монгол удирдагчийн шинж чанар гэвэл нэгдүгээрт төрийг залах чадвар хоёрдугаарт мэргэн оюуны чадвар. Энэ хоёр чанар Атилла хаанаас эхлээд Бат хаан хүртэлх хаадуудад тээгдсэн. Энэ л хаадын түүхийг өнөөдөр Хар Хорин хотын хөрсөн доорхи баримтууд гэрчилнэ. Богд хаан нэгэнт Түвд удамтай тул түүнийг энэ хоёр чанарыг эзэмшсэн гэхэд эргэлзээтэй.

Тухайн ард түмэн хэрхэн соёлоо авч үлдсэн, яагаад ийм онцлог амьдралтай вэ гэдэг удамшилтай эсвэл угаасаа онцгой гэдэгтээ биш харин газар нутаг болон цаг уурын гэх мэтээс шалтгаалсан гэж Америкийн биологч Диамонд бичжээ.

Өвөл зун болон хавар намар гэсэн онцгой улирлуудтай хуурай болон эрс тэс уур амьсгал Монгол хүнийг бусдаас ялгаруулдаг. Монголчууд шашин шүтсэн Энэтхэгээс, эхнэр авдаг үгүй Түвдийн ламаас, олон авгайтай Арабын Эмиратаас, эрэгтэйчүүд гар нэхмэл хийдэг Андын нурууны ард түмэнүүдээс ялгаатай шүү гэдгийг зориг хатуужил шаардсан Монгол амьдрал харуулдаг.

Монгол хүн үгүйрсэнгүй, ядуу явахгүйн тулд тэднээс хийх ажил, амжуулах хэрэг явдал, өвөлдөө бэлтгэх, хавартаа биеэ арчлах гэх мэт дэндүү ялгаатай улирлын онцлогуудад тохирон амьдрах ов мэх шаарддаг. Монгол хүнд тийм ч их зав чөлөөгүй. Монгол хүн үргэлжийн хөдөлгөөнд. Залхуурах завгүй.

 

Эрдэмтэй Монголоос мэдлэгтэй Монгол руу

Мэдээж Монголын түүх рүү хэн ч нэвтрэх боломж үгүй. Түүх бол өнгөрсен. Гэхдээ бид түүхийг тэмтрэх боломжтой. Тиймээс энэ номонд Монголын түүх рүү тэмтрэхийг хичээсэн. Түүхийн мэргэжилтнүүд хэлэхдээ түүхийг судалдаг болохоос түүхийг хэн ч мэдэхгүй гэдэг. Түүх мэднэ гэвэл ёстой алдас болох ажээ.

Хаант төр, шашинт төр, намт төр гэсэн нийгмийн зохион байгуулалтаас “ард түмний” гэсэн төр рүүгээ орох тэр цоо шинэ зам их мэдлэгийг Монголчуудаас шаардана. Зуун зуун жилээр төр л бүгдийн дээр ард түмэн түүнийг дагана гэж заншсан. Одоо ард түмэн төрийн эзэн шүү гэж ойлгуулах тийм ч амар биш.

Монголын түүх ерөөсөө тэр чигээрээ “эстэтик” агуулгатай. Дандаа л гоё сайхныг өгүүлэх гэдэг. Үргэлж л магтах гэдэг. Талын морьтон баатрууд гэж өөрсдийгөө шууд л баатар гэдэг. Дайсан ч гэсэн өөрийн нутагтаа баатар шүү дээ.

Тиймээс Монголын түүхэнд “морал” болон “логик” хоёрыг оруулж ирэх хэрэгтэй. Морал гэдэгээр сайн уу, муу юу, юуны төлөө, хэний төлөө. Логик гэдгээр шууд бодлыг нэрлэдэг. Монголын түүхийг хэрхэн бодох вэ, ямар дүгнэлт хийх вэ. Гаргалгаа хир аргументээр баталгаажигдсан бэ.

Монголчуудын эрдэмүүдийг өнөө үед хэрхэвч дурьдсан үгүй. Тэр эрдэмүүд бол шударга, үнэнч, хатуужил, нүүж суух хурд, тэвчээр гэх мэт эрдэмүүд. Эдгээрийг яагаад эрдэм гэдэг вэ гэвэл тэднийг суралцдаг. Тиймээс эрдэм гэдэг чанар эсвэл төрх биш. Харин суралцсан чадвар.

Европт анх хөгжиж эхэлсэн мэдлэгийн салбар Монголчуудад дөнгөж 20-р зуунд Оросуудаар дамжин орж ирсэн. Үүнээс хойш л Монголчууд мэдлэгтэй золгосон. Гэтэл өнөөдөр энэ шинээр ирсэн мэдлэгийг хуучины эрдэмтэй хольж хутгасан хэвээр.

Нүүдэлчиний соёлоос иргэний соёл руу очих тэр төвөгтэй үйлдэл Ар Монголд социализмын үед хийгдсэн. Гэхдээ иргэний соёл руу очлоо гээд нүүдэлчин соёлоо хаях биш харин хамт тээх л чухал.

Нүүдэлчин соёлоос иргэний соёл руу очиход хамгийн их хүндрэлтэй асуудал бол “чөлөөт хүсэл” буюу дураараа явцгаах. Цаг уурын хүндрэл, мал аж ахуйгаа аврахын тулд Монгол хүн маш их хөдөлгөөнтэй, хурдан шалмаг овжин явах түүний шалгарсан шалгарал. Үүгээрээ Өмнөд Ази, Зүүн Ази болон Төв Азиас ялгарна. Энэ бол ялгаа.

Эртнээс иргэний нийгэм рүү шилжсэн ард түмнүүдийн морал ерөөсөө нүүдэлчин хүний моралаас ялгаатай. Гэхдээ моралын цөм ижил.

Монгол хүний ялгарах өөр нэг ялгаа бол ертөнцийг харах харц онцгой. Тэр юу вэ гэхээр ертөнц Монгол хүний хувьд төрөхөөс авахуулаад үхэх хүртэл ер бусын. Энэ ер бусын ертөнц цааш бас хорвоогийн жам, гайхамшиг, үгүй мөн сониноо, үгүй бас, мөн хачинаа, цаанаа учиртай, хэн мэдэх вэ, заяа мэднэ, ийм л тавилантай, азгүй л юм болжээ гэх мэт тайлбаргүй бас гаргалгаагүй тайлбаруудтай.

Рационализм, сенсуализм, критицизм гэх мэт иргэншсэн нийгмийн үнэлгээнүүд Монгол хүмүүст харийн.

Социализмын үед Орос болон Зүүн европт сурч бас цол хамгаалсан хэдий ч мэдсэн мэдлэгээ хэзээд доогуур тавьж ер бусыг урьдчилж ирсэн. Өнөөдөр капиталист Америкт сурсан ч, Японд цол хамгаалсан ч, Германд диплом авсан хэдий ч Монгол орны мэдлэгийн санг баяжуулж нийгэмд мэдлэгийг өндөрт өргөж чадахгүй хэвээр. Энэ бол Монгол хүний нүүдэлчин соёл ба иргэний соёл хоёрын хооронд дайвалзсан дайвалзаа.

Дэлхийн мэдлэг хаанаас эхлэлтэй вэ гэвэл Европт хөгжиж эхэлсэн математик болон физикийн мэдлэгээс эхлэлтэй. Францын философич Декартын хэлсэн “эхлээд бод, түүний дараа чи өөрийнхөө оршихуйг тодорхойлно” гэсэн ойлголт философид хувьсгал хийсэн гэдэг. Энэ л мэдлэгийн болон бодлын онол болон практик Ар монголд олон зуун жилийн хойно хоцорсон ч гэсэн ирсэн. Мэдээж ирэхдээ Монгол хүнээр биш Орос хүнээр дамжуулагдан иржээ.

Хэдийгээр анхны мэдлэг оройтож ирсэн хэдий ч богино хугацааны дотор жишээлбэл социализмын болон түүний дараах он жилүүдэд олон Монгол хүмүүс мэдлэг эзэмшиж чаджээ. Харин тэдний мэдлэгийг нийтэд тарааж эзэмшүүлэх үлджээ. Мэдлэггүй гэвэл бүгд л таамгаар бас барагцаагаар явна гэсэн үг.

 

Дүгнэлт

Энэ номын өмнөх үгэнд гурван сэдэв дэвшүүлсэний сүүлчийн сэдэв бол “Монголын ирээдүй”. Хоёр хөршүүд Орос болон Хятад орнуудын дэмжлэгээр Монголчуудын ирээдүй “Хойд Ази” гэсэн геополитикийн уран ухаанаар тодорхойлогдоно. Монголын ирээдүй бол “Хойд Ази”. Хойд Ази Монголчуудын соёлын онцлогт яг тохирсон.

Оросын төрийн хар хайрцагны бодлого хэр чадалтай вэ гэдэг юугаар батлагдсан бэ гэхээр “Тэнэг Петр” хаан болсон ч Орос орон унасан үгүй. Төрийн хар хайрцагны бодлого хэрэгжиж чадсан. Орос орон хамгийн том газар нутагтай бас хамгийн их ашигт малтмал, түүхий эдийн баялагтай орон болжээ.

Хятадын төрийн хар хайрцагны бодлого ямар их хүчтэй вэ гэдэг юугаар харагдсан бэ гэхээр гадны ямар ч хүн хаан боллоо гээд Хятад хүн айх зүйл үгүй гэсэн хар хайрцагны бодлого. Хятад гүрэн хамгийн үржил шимтэй нутаггай, бас 100 гаруй үндэстэнүүдийг өөртөө нэгтгэж тэднийг соёлын өндөр түвшингээрээ уусгаж чаджээ. Тиймээс дэлхий дээр хүн амын тоогоороо тэргүүлдэг.

Орос орон газар нутгийг эрхэмлэсэн гэвэл Хятад орон хүн амын тоог эрхэмлэсэн ажээ. Гэтэл Америк орон мэдлэг боловсролыг эрхэмлэхийг зорьсон байна. Дэлхийн 3 том орон ингэж хар хайрцагны бодлогоо зуу зуун жил үргэлжлүүлж хэзээ ч тасарсан үгүй Өнөөдөрийн Америкийн ерөнхийлөгч хүртэл төрийн олон нууц зүйлсийг мэдэх шаардлага үгүй. Яагаад гэвэл ерөнхийлөгч маргааш ч буудуулах эрсдэлтэй. Тэгсэн хэдий ч Америк орон цааш амьдрах жамтай. Үүнийг л “хар хайрцаг” гэж нэрлэдэг.

Орос, Хятад том гүрнүүдтэй өнөөдөр Монголчууд онцгой чухал бодлого явуулж тэдэнд юу чаддаг ямар эрдэмтэйгээ батлаж бас ямар мэдлэгтэйгээ харуулах хугацаа болжээ.

Ингэж чадвал Монголчууд хурдан хугацааны дотор хөгжиж өнөөдрийн олон тулгамдсан асуудлуудаа шийдэх боломж нээгдэнэ.

 

 

Leave a comment