Монголын тухай сайны төсөөлөл байхгүй улс төрчид ямар улс төр хийх вэ?

А.Ганболд

Монгол хүнийг сайн, сайхан амьдралтай болгоно гэж, монгол улсыг хөгжил дэвшилд хүргэнэ гэж ярьсаар он удаан жилийг эрх баригчид зүгээр өнгөрөөлөө. Энэ хугацаанд монгол оронд сайн сайхан гэхээсээ илүү саар муу зүйлсүүд нь давамгайлсан гэхэд болно.Монгол улс хөгжиж азидаа битгий хэл, дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэх боломж, бололцоо бэлхнээ байсаар байтал сайны тухай төсөөлөл байхгүй, мэдлэг байхгүй, ухамсар байхгүй  улс төрчид нэг л байрандаа байж, ялзарсан суудалдаа шигдсээр, цаг хугацаа хороосоор сууна. Харин ард түмэн хором бүрт ядуурч, гуйланчлаж, харьд бусдын боол болж, цаг бусаар үхэж үрэгдэж байна. Аливаа төр ард түмнийхээ төлөө улс төр хийдэг. Тэгвэл өнгөрсөн хорин хоёр жилийн улс төр хэний төлөө хийгдсэн вэ. Монголын ард түмэн сайн сайхан амьдралд хүрч  хангалуун байна уу? Олж авч буй мэдлэг боловсролдоо сэтгэл ханамжтай байна уу? Эрүүл аюулгүй орчинд амьдарч байна уу.Энэ төр засагтаа итгэл дүүрэн байна уу? төр нь ард түмнээ хамгаалж чадаж байна уу? Бүгдэд тэнцүүхэн үйлчилдэг  хууль, шүүх байна уу? Байгалийн баялагийн тэнцүү хуваарилалт байна уу?  Иргэд нь эх орондоо эзний ёсоор байж ажиллаж амьдарч  чадаж байна уу? энэ мэт олон асуултууд цуврана. Хэрвээ энэ бүгд байхгүй гэвэл энэ төр, бидний төлөөллөө болгоод сонгосон улс төрчид хэний төлөө улс төр хийсэн болж таарч байна.

Монгол хүний толгой дээр хорин хоёр жил ноёрхсон улс төрийн нам нэрт гэмт хэрэгтэн, ашиг хонжооны төлөөх бизнесийн бүлэглэлүүдийн толгой болон гар хөлүүд монголын төлөө юу хийж чадах юм бэ. Тэд өөрийн гэр бүл, хамаатан садан, өөрсдийн багтдаг бүлэглэлүүдийн төлөө л улс төр хийдэг. Тэдний шунал хүсэл хязгааргүй. Биенээсээ өрсөж залгих гэсэн богино зайн уралдааныг их хийж чадна. Тэд монголын төр, ард түмний хөрөнгийг хэзээд шулан мөлждөг ханаж цадна гэхийг мэдэх ч үгүй. Ийм хүмүүс дахиад монголын амьдралаар тоглож улс төр хийж, ард түмэн боолын тавилантайгаа эвлэрэн, хүлцэнгүй, ядуу, доромжлуулсан  байдалтайгаар тэдний хүлээн зөвшөөрөн суусаар байна гэж бодож байна уу. Гэвч ард түмэн хууртагдаж ханасан. Юманд эхлэл гэж байхад төгсгөл гэж бас заавал  байдаг юм.

Монгол улс хөгжиж, монгол хүн сайн сайхан амьдрахыг хүсч байхад бүгдийг нь арван жилийн дараа сайхан болно. Ирээдүйд гоё сайхан байна гэж элдэв янзын хөтөлбөр гаргаж ард түмний сайныг хүссэн бүхнийг унтрааж, хойшлуулж байгаа нь тэдэнд монголын сайны төлөө төсөөлөл байхгүйг илтгэнэ. Арван жилийн дараа ч бай ирээдүйд ч бай өнөөдрийн улс төрч нэрт луйварчид монголын баялгийг хоослоод, ор сураггүй алга болохоо бас мэднэ. Ийм л учраас луйварчид ард түмний толгойг эгүүлж цаг хожиж, улс орныг хоосруулахыг урьтал болгон сайхан юм ярьж улс төр хийнэ. Нэгэнт эхнээсээ зөв яваагүй хүмүүс засрана гэж үгүй. Монголчууд хорин жил сонголтондоо үнэнч байсан бол эрх баригчид хорин жил улс орныг цөлмөхдөө үнэнч байлаа. Гахай хэзээ ч тогос болдоггүй гэдгийг ард түмэн ойлгох хэрэгтэй.

Өнгөрсөн хорин хоёр жилийн монголын улс төр яаж явсан вэ гэвэл ард түмний бүтээн босгосон бүхнийг хувааж, худалдаж, хулгайлж, зальдаж идэж цөлмөснөөр монгол орныг доройтуулж, монголын ард түмнийг ядууруулсан улс төр явсан. Баруун, зүүний улс төр гэдгээ мэдэхгүй, төр хэний төлөө ажилладаг гэдгийг ойлгоогүй, улс орныг авч явж буй гэдгээ ухамсарлаагүй, гагцхүү мөнгө, эрх мэдэл, албан тушаалын төлөө л үхэн хатан зүтгэж худал амлалтуудаар ард түмний толгойг эргүүлж, мансууруулж, худлаагаа дуусахаар тойргоо сольж худлаагаа үргэлжлүүлж гарч ирэх замаар улс орныг тамын тогоонд оруулсан. Хэрвээ тамын тогоо гэж юу байдгаа мэдэхгүй бол монголын ард түмний амьдралыг харж, хаа сайгүй хөндөгдөж, зөөлгөж буй газар шороо, эрдэс баялаг, хаа сайгүй цаг бусаар үхэж үрэгдэж буй ахан дүүсээ нэг харчихаарай.

Өнөөгийн эрх баригчид улс орныг хэрхэн авч явахаа үл мэдэн олон ч удаа нийлсэн, нэгдсэн, эвссэн, хамтарсан. Гэвч үр дүн нь хэвээрээ бүгд л амин хувийн ашиг хонжооны төлөө монголыг ханатлаа  идсэн, уусан  гэвч ханаагүй хэвээр л байна. Тэд өөрийн сайн сайхны төлөө л олонхийн амьдралыг золионд гаргасан. Өөрсдийгөө улс төрчид гэж нэрлэсэн хүмүүс мэдлэг, хөгжил гэж юу байдаг, улс орон хэрхэн босч ирдэг, ард түмэн хэрхэн ажил хөдөлмөртэй сайн сайхан амьдардаг, ирээдүйд улс орон ямар байх талаар ямар ч мэдлэг ,төсөөлөл байхгүй. Ийм хүмүүс цаашаа ямар улс төр хийх вэ. Юугаар ард түмнийг хуурах вэ. Эсвэл дарангуйлал тогтоох гэж үзэх үү.  Мөнгөөр ард түмний саналыг худалдан авах гэж оролдох уу. Энэ мэт  янз бүрийн арга хэрэгслийг ашиглах гэж үзнэ. Гэвч тэд үнэн нүүр царайгаа өнгөрсөн хугацаанд хангалттай таниулсан. Тэд төрд гарвал хийж чаддаг юмаа л хийнэ. Тэр бол монголыг үргэлжлүүлэн цөмлөн хоослох юм. Ард түмэн өмнөх сонголтууддаа харамсч, хилэгнэн уурлаж байна. Тэд сайн, сайхныг хүсч, улс орон хөгжиж дэвшихыг харахыг хүсч байна. Монголчууд тэнхээтэй үндэстэн байхыг хүсч байна.

Хэрвээ улс төрийн намууд цаашид ард түмний төлөө улс төр хийе гэж бодож буй бол эхлээд нам доторхи хулгайч, дээрэмчидээсээ салах хэрэгтэй.Тэгвэл ард түмэн итгэнэ. Монголын сайны төсөөлөлтэй, монгол хүний төлөө, монгол орны хөгжил дэвшлийн төлөө, хулгайч, худалчгүй монголын төлөө зүрх сэтгэлтнүүдэд л ард түмэн итгэл хүлээлгэнэ шүү. Хэн монголоос хулгайлсан, хэн монголыг худалдсан, хэн монголыг хуурсан тэр этгээдэд гарах гарц гэж үгүй. Хариуцлага хэзээд хүний хажууд явдаг шүү гэдгийг өнөөгийн эрх баригчид хэзээд санаж явах хэрэгтэй. Монголын ард түмэн хар дарсан зүүднээсээ сэрж байна.

 

 

 

 

Leave a comment